2013/05/20    PDF Хэвлэх И-мэйл
Үндэсний дөрөв дэх хөтөлбөр
 
 
 
Үндэсний дөрөв дэх хөтөлбөр батлах тухай

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.2-ыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.19 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах" Үндэсний дөрөв дэх хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалсан өвчинд өртөх эрсдэл өндөртэй салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулан баталж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт тус тус үүрэг болгосугай.
 

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
 
 
 
 
Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ОРЧНЫГ
САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ДӨРӨВ ДЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын эдийн засагт уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эрсдэлтэй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин өндөртэй салбар давамгайлах чиг хандлагатай боллоо. Түүнчлэн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, дүрэм, технологийн горимыг сахиулан мөрдүүлж ажиллах шаардлагатай байна. Аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн аюупгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль, журмыг хангалтгүй хэрэгжүүлж байгаагаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол дорвитой буурахгүй, ажлын байранд ажиллагчдын амь нас, эрүүл мэнд хохирох явдал гарсаар байна. Тухайлбал, Монгол Улсад 2005-2011 онд үйлдвэрлэлийн ослын улмаас 661 хүн нас барж, мэргэжлийн шалтгаалсан өвчний 1321 тохиолдол шинээр бүртгэгдэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 83940.5 сая төгрөг тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрт зарцуулсан байна.
Сүүлийн зургаан жилд гарсан нийт ослын талаас илүү хувь нь уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг салбарт гарсан бөгөөд осолд залуучууд илүү өртөж байна. Ослын шалтгаанд тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, болгоомжгүй үйлдэл зонхилж байна.
Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв (ХНМӨСҮТ)-өөс 1975-2010 оны хооронд мэргэжлийн өвчний улмаас хяналтад орсон өвчтөний талаархи архивын баримтад тулгуурлан хийсэн судалгаанаас үзэхэд тухайн хугацаанд тус төвд мэргэжлээс шалтгаалсан өвчний 8645 тохиолдол бүртгэгдсэнээс 5019 нь уул уурхайн салбарт ажиллагч байна. Үүнээс үзэхэд уул уурхайн салбарт ажиллагчид мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх магадлал бусад салбарт ажиллагчдаас харьцангуй өндөр байна.
Түүнчлэн доорхи мэргэжлийн хүмүүс дараахь мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх магадлал өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна:

1) тоног төхөөрөмжийн машинч, малтагч, өрөмдөгч, нэвтрэгч зэрэг мэргэжлийн хүмүүс уушигны гадны шалтгаант өвчинд;
2) хүнд машин механизмын операторууд, өрөмдөгч, жолооч, засварчин зэрэг мэргэжлийн хүмүүс тулах, хөдлөх эрхтний өвчинд;
3) дизельчин, турбины машинч, ороогч, конвейерийн машинист зэрэг мэргэжлийн хүмүүс шуугианаас үүдэлтэй сонсгол бууралтад;

4) лаборант,   будагчин,   аккумуляторчин,   мотор   ороогч,   химич   зэрэг мэргэжлийн хүмүүс химийн бодисын хордлогод.
Мэргэжлээс шалтгаалсан өвчний үүсэлд нөлөөлөх хүчин зүйлийн үйлчлэл ажлын байранд өндөр хэвээр байгааг холбогдох тоо баримт, судалгаа харуулсаар байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2011 оны эхний III улиралд 39 аж ахуйн нэгж, байгууллагын 510 ажлын байранд физикийн 2382, химийн 584 удаагийн хэмжилт шинжилгээ хийхэд нийт физик, химийн үзүүлэлтийн 39.8-13.8 хувь нь эрүүл ахуйн стандарт хангахгүй байжээ. Судалгааны тайлан (2010) асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдэлтэй хорт хавдрын тохиолдол нэмэгдэж болзошгүй байгааг харуулж байна.
Түүнчлэн ашигт малтмалын стратегийн ордуудыг ашиглах, дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарт шинэ техник, технологи нэвтрэх, хөдөлмөрийн шинж чанар өөрчлөгдөх, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний гаралтад нөлөөлөхүйц эрсдэлтэй хүчин зүйлс нэмэгдэх төлөв хандлага ажиглагдаж байна.
Дээрх нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага, эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх, ажлын байран дахь хими, физикийн болон бусад хүчин зүйлсийн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх удирдлага, хяналт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, энэ талаархи олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.2-т зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байна. Монгол Улсын нэгдэн орсон "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай" Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын 155 дугаар конвенци болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2007 оны 120 дугаар хуралдаанаас баталсан "Ажилчдын эрүүл мэндийн талаар баримтлах стратеги"-д гишүүн улс бүр үндэсний нөхцөл, дадалд нийцүүлэн ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх томоохон байгууллагатай зөвшилцөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлаар харилцан уялдаатай үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, хянан үзэхийг үүрэг болгосон. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.19-т "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн орчныг сайжруулахад чиглэсэн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг бууруулна" гэсэн зорилт тусгагдсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний дөрөв дэх хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэнэ)-ийг батлан хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, баримтлах зарчим
2.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон, хэрэгжилтийг сайжруулж эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх, ажиллагчдад аюулгүй ажиллах зан үйл, соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй  байдал,  эрүүл ахуйн удирдлагын  үндэсний тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийг хангуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулахад оршино.

2.2. Энэхүү зорилгын хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлж ажиллана:
2.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, үндэсний онцлогт нийцүүлэн боловсронгуй болгох;
2.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд мөрдүүлж хэвшүүлэх;
2.2.3. үйлдвэрлэлийн   осол,   мэргэжлээс   шалтгаалсан   өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;
2.2.4. асбест, мөнгөн ус болон полихлорт бифенилээс үүссэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хэрэглээг бууруулах, бүрмөсөн хориглох арга хэмжээг шийдвэрлэх;
2.2.5. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулах;
2.2.6. олон нийтийн хяналт, тогтолцоог бүрдүүлэх;
2.2.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалт, судалгаа, сурталчилгаа, мэдээллийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын үндэсний тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
- урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх;
- оролцоо, санаачилга, мэргэжлийн хандлагад тулгуурлах;
- нийгмийн хариуцлагатай хандах;
- нийгмийн түншлэлийг эрхэмлэх;
- ил тод байх;
- эрсдэл өндөртэй салбарт түлхүү анхаарах;
- салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн Хөтөлбөрийн хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж, дор дурдсан үр дүнд хүрнэ:

3.1. Нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн унэлгяя ҮИЙПГ^Ж иг шптмйг
  боловсронгуй болгох асуудлыг түншлэгч талуудын оролцоотойгоор боловсруулж шийдвэрлүүлэх;
3.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд мөрдөгдөж байгаа стандартыг хуулийн өөрчлөлт, Засгийн газраас дэвшүүлж байгаа Европын стандарт, нормативыг нэвтрүүлэх зорилт, олон улсын нийтлэг хэм хэмжээ, үндэсний онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлуулах арга хэмжээг стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх;
3.1.3. салбарын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, салбарын аюулгүй ажиллагааны хэм хэмжээг тогтоох, дүрэм, журам, заавар боловсруулж хэрэгжүүлэх, ажиллагчдад аюулгүй ажиллах арга барил, зан үйл, соёлыг төлөвшүүлэхэд мэргэшсэн сургалтын болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг татан оролцуулах;
3.1.4. Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журам, дүрмийг шинэчлэх, шинээр гаргах арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;
3.1.5. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг боловсронгуй болгох;
3.1.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаархи Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зарим конвенцид нэгдэн орох асуудлыг судлан боловсруулж шийдвэрлүүлэх;
3.1.7. ажилтны эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг хийх журмыг шинэчлэн боловсруулах;
3.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжээс оршин суугч иргэдийн аж амьдрал, эрүүл мэндэд учруулж байгаа хохирлыг нөхөн төлүүлж байх эрх зүйн зохицуулалт бий болгох;
3.1.9. мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, үнэлгээг салбар тус бүрээр хийж, мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

3.1.10. бичил уурхайд үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн тусгай арга хэмжээ авах.

Хүрэх үр дүн: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомж, стандарт боловсронгуй болж, олон улсын нийтлэг хэм хэмжээ, Европын стандарт нормативд нийцсэн байна.
 
3.2. Хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь ажил олгогч болон ажилтанд зөвлөн туслах, заавал хэрэгжүүлэх аргыг зохистой хослуулан ашиглах замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлийг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх арга хэмжээ авах;
3.2.2. үйлдвэрлэлд хэрэглэж байгаа материал, түүхий эд, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд агуулагдаж байгаа хүний эрүүл мэндэд хортой бодисын хэмжээг тодорхойлох лабораторийг байгуулж, шинжилгээний арга, аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх арга хэмжээ авах;
3.2.3 хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн олон нийтийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
3.2.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын менежментийн системийг 9 хүртэлх буюу түүнээс дээш ажиллагчтай нийт аж ахуйн нэгж, байгууллагад бүрэн нэвтрүүлэх;
3.2.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд мөрдүүлэх ажлыг зохион байгуулахад Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны оролцоог хангах;
3.2.6.  аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийхэд ажилтны оролцоог нэмэгдүүлж, уг үнэлгээний үр дүнг хянах дотоодын хяналт шалгалтын систем бий болгох.

Хүрэх үр дүн: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, зөрчил буурч, стандартын шаардлага хангасан ажлын байрны тоо нэмэгдсэн байна.

3.3. Гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөж байгаа дүрэм, журмыг ойлгомжтой, хялбар болгон ажилчдад хүргэх, ажлын байран дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалт зохион байгуулах санал, санаачилгыг дэмжих, уг сургалтын зардлын тодорхой хувийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас нөхөн олгох арга хэмжээ авах;
3.3.2. ажилчдад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, заншил эзэмшүүлэх зорилгоор ажилчдын нийтлэг гаргадаг алдаа, зөрчил, түүний улмаас гарсан осол, өвчлөлийн үр дагаврыг харуулсан гарын авлага, ухуулга сурталчилгааны материалыг салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагуудад түгээх;
3.3.3. мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлж ажиллагчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах; 
3.3.4. аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж, аргачлал боловсруулж гаргах, тэдгээрийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлээс сэргийлэх зан үйл, дадлыг төлөвшүүлэх, эрсдэл өндөртэй ажлын байрны жагсаалт гаргах замаар ажиллагчдыг болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар авах;
3.3.5. аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх чадавхи бий болгох, дадлага эзэмшүүлэхэд туслах ажлыг төрийн хяналт шалгалтын байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор мэргэжлийн холбоод, энэ чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;
3.3.6. аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчид, ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх эрсдэл өндөртэй ажлын байранд ажиллагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, Монгол Улсад хэрэглэхийг хязгаарласан, хорт хавдар үүсгэх, үр удамд нөлөөлөх үйлчилгээ бүхий химийн хортой болон аюултай бодис, материалтай харьцаж ажилладаг ажилтны эрүүл мэндийг хугацаат үзлэгэд хамруулж өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх;
3.3.7. аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн горим, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчихгүй байхыг сануулсан тэмдэг, тэмдэглэгээ, анхааруулга, сэрэмжлүүлэг хэрэглэж төлөвшүүлэх;
3.3.8. үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;
3.3.9. мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх зорилгоор оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилт арга, технологи нэвтрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний чадавхийг сайжруулах;
3.3.10. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийн лабораториудын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээ авах.

Хүрэх үр дүн: Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх зан үйл төлөвшиж, хөтөлбөр хэрэгжих хугацаанд 1000 ажилтанд ногдох үйлдвэрлэлийн ослын тоо 0.1-0.2 промиллоор буурсан байна.
 
3.4. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцах аюулгүй ажиллагааны журам боловсруулж мөрдүүлэх;
3.4.2. мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмж, хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмыг боловсруулж, мөрдүүлэх;
3.4.3. "Полихлорт бифенилийг импортоор оруулах, экспортод гаргах, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хадгалах, устгах журам"-ыг мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
3.4.4. асбест агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг үйлдвэрлэлийн барилга байгууламж, ажлын байранд сорьц авч асбестын хэмжээг тогтоож байх;
3.4.5. асбест, мөнгөн ус болон полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмж, бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг бүртгэх, мэдээлэх, бүртгэл хөтлөх чадавхийг бий болгох, тэдгээрийн импортоор оруулж байгаа байдалд тавих хяналтыг сайжруулах;
3.4.6. асбесттай холбоотой өвчлөлийн тоо, тархалтыг тогтоох, бүртгэх, асбесттай харьцаж байгаа ажиллагчдад эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг хийх, асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцан ажиллаж байгаа жижиг үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах;
3.4.7. асбест агуулсан барилга байшинг нураах, өргөтгөн засварлах, асбестан хавтанг барилгад ашиглах, асбест агуулсан материалыг зарж борлуулах, тээвэрлэх, хадгалах зэрэг бүх үйл ажиллагааг хянах тогтолцоог бүрдүүлэх;
3.4.8. асбесттай холбоотой өвчнийг мэргэжлийн өвчний жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлэх;
3.4.9. асбест (актинолит, антофиллит, амозит, крокидолит, тремолит, хризотал), мөнгөн ус агуулсан зарим тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний хэрэглээг шат дараатайгаар хориглох;
3.4.10. асбест, мөнгөн ус болон полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмж, бараа, бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүний хэрэглээг сурталчлах, дэмжих арга хэмжээ авч, энэ талаар аж ахуйн нэгж, байгууллага, ажилтан, иргэдэд өгөх мэдээллийг өргөжүүлэх;
3.4.11. асбест, мөнгөн ус болон полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, хаягдалтай харьцаж ажилладаг ажиллагчдад зориулсан сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх.

Хүрэх үр дүн: Асбест, мөнгөн ус болон полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмжийн улсын нэгдсэн бүртгэл хийгдэж, мэдээллийн сан байгуулсан аюулгүй ажиллагааны журам, аргачлал бий болж, тэдгээрийн хэрэглээ, импортоор оруулж байгаа болон устгаж байгаа байдалд тавих хяналт сайжирч, зарим тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний хэрэглээг 2016 он гэхэд зогсоож, орлуулах бүтээгдэхүүний хэрэглээг дэмжсэнээр асбест, мөнгөн ус болон полихлорт бифенилийн хэрэглээ буурсан байна.

3.5 Тавдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.5.1. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдсан ажилтанд үзүүлэх эрүүл мэндийг нөхөн сэргээх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
3.5.2. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдсан иргэдэд мэргэжлийн нөхөн сэргээх (шинэ ур чадвар эзэмшүүлэх) үйлчилгээ үзүүлэх;
3.5.3. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдсан ажилтнуудыг сувилах орчин үеийн тоног төхөөрөмж бүхий нөхөн сэргээх үйлчилгээний төвүүдийг бүсийн болон орон нутгийн түвшинд бий болгох.

Хүрэх үр дүн: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн ажилчдад үзүүлэх эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, шинэ ур чадвар эзэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг болно.

3.6. Зургадугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.6.1 хүүхэд, өсвөр насныханд аюулгүй ажиллаж амьдрах арга барил, зан үйл, соёлыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулгаар дамжуулан эзэмшүүлэх, уг асуудлыг их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын кредит цагт оруулж батлуулах;
3.6.2. их, дээд сургуулиудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар судалгаа хийх, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх тусгайлсан элсэлт зохион байгуулах, оюутнуудыг аж ахуйн нэгж, байгууллагад дадлага хийхийг дэмжих;
3.6.3. малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг жижиг үйлдвэрлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэг олгох сургалт, сурталчилгаа явуулах, мэдээлэл хүргэх зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусган хэрэгжүүлэх;
3.6.4. олон нийтийн эзэмшлийн барилга, байгууламж, гудамж талбайд аюулгүй байдлыг хангахтай холбоотой арга хэмжээний зардлыг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх;
3.6.5. нийт иргэдэд эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, радиогоор дамжуулан зохион байгуулах, Үндэсний радио, телевиз, хамгийн олон захиалагчтай өдөр тутмын сонинд тусгай нэвтрүүлэг, нийтлэлийн булан ажиллуулах талаар хамтран ажиллах, шаардагдах хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төсөвт тусган хэрэгжүүлж байх;
3.6.6. аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа орон нутагт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг явуулын хэлбэрээр зохион байгуулах ажлыг ажил олгогч, эзэд, үйлдвэрчний эвлэл болон мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран үе шаттай зохион байгуулах;
3.6.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн судлаач, сургагч багш бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын орон тооны болон орон тооны бус улсын байцаагч, үйлдвэр аж, ахуйн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, үйлдвэрийн эмч, хөдөлмөрийн эрүүл ахуйч нарыг мэргэшүүлэх, давтан сургах сургалтыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд болон мэргэжлийн бусад байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;
3.6.8. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа мэргэжлийн түвшинд хийх үүрэг бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, судалгаа, мэдээллийн төвийг түншлэгч талуудын оролцоотойгоор байгуулах асуудлыг судлах;
3.6.9. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг судлан бүртгэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, мэдээллийн нэгдсэн сантай болох замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний талаархи статистик мэдээллийг сайжруулах;
3.6.10. ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох;
3.6.11. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд зохион байгуулдаг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр"-ийг бүх нийтээр тэмдэглэх, аж ахуйн нэгж, байгууллага бүр энэ өдөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх тал бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж хэвших.

Хүрэх үр дүн: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи олон нийтийн ойлголт, зан үйл, хандлага сайжирч, мэргэшсэн сургалт, сурталчилгаа, судалгааны байгууллагын чадавхи бэхжсэн байна.

3.7. Долдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.7.1.хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн хяналтыг  зохицуулж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн удирдлага-хяналтын үндэсний нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх;
3.7.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд салбар дундын зохицуулалт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний болон салбар хороодын бүрэлдэхүүнийг өргөжүүлэн, үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авах;
3.7.3. төв, орон нутгийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
3.7.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны (ММЗ-1Ю-ОЗН-2001) стандартыг уул уурхай, барилгын салбарт нэн тэргүүнд нэвтрүүлэх, бусад салбарт түгээн дэлгэрүүлэх ажлыг нийгмийн түншлэгч талуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх.

Хүрэх үр дүн: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын үндэсний тогтолцоо бүрдэж, оролцогч талуудын чадавхи дээшилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын орон тооны болон орон тооны бус улсын байцаагч, үйлдвэр, аж ахуйн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтны 50-иас доошгүй хувийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын (ММЗ-1Ю-ОЗН-2001) стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, эрүүл болон аюулгүй ажлын байрны тоо нэмэгдсэн байна.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага

4.1. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлнэ.
4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдан зохион байгуулах үүргийг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороотой хамтран, аймаг, нийслэлийн түвшинд Засаг даргын Тамгын газар аймаг, нийслэлийн салбар хороодтой хамтран хэрэгжүүлнэ. Салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага энэ хөтөлбөрийн хүрээнд өөрт хамаарах зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээнэ.

Тав. Олон улсын хамтын ажиллагаа, түншлэл

5.1. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад НҮБ-ын төрөлжсөн байгууллагатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах техникийн дэмжлэг, туслалцаа авч хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
Түүнчлэн улс орнуудын Засгийн газар, түүний олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн болон техникийн туслалцаа, тусламж, дэмжлэг авах чиглэлээр хамтран ажиллана.
 
 
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
6.1. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
6.1.2. үйлдвэрлэлийн   осол,   мэргэжлээс   шалтгаалсан   өвчний даатгалын сангаас энэ зориулалтаар гаргах хөрөнгө;
6.1.3. гадаад  орон,  олон улсын байгууллагаас энэ чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн санхүүжилт, зээл, буцалтгүй тусламж;
6.1.4. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;
6.1.5. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив.

Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд үндэсний хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хамтран гүйцэтгэнэ.
7.2. Хөтөлбөрийн явцын дунд хугацааны хяналт-шинжилгээг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2 жилийн дараа, эцсийн үнэлгээг хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа хийнэ.
7.3. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээнд ажилтны болон ажил олгогчийн төлөөллийн байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.
7.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаархи мэдээ, тайланг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим хуудас (уууууу.т8\л/1.доу.тп, \ллллл/.1пзрес{|оп.доу.тп)-аар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
7.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээнд дараахь шалгуур үзүүлэлтийг ашиглана:
7.5.1. шинээр болон шинэчлэн баталсан хууль тогтоомжийн тоо;
7.5.2. шинээр болон шинэчлэн баталсан стандартын тоо;
7.5.3. тухайн жилд бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тохиолдлын тоо;
7.5.4. тухайн жилд гарсан үйлдвэрлэлийн ослын тоо;
7.5.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын систем нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоо;
7.5.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын орон тооны болон орон тооны бус улсын байцаагч, үйлдвэр, аж ахуйн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны тоо;
7.5.7. эрүүл мэндийн урьдчилан болон хугацаат үзлэг зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, хамрагдсан ажилчдын тоо;
7.5.8. шинээр байгуулагдсан болон шинэ тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн лабораторын тоо.